Thursday, November 18, 2010

түмэн хишигтэн

Чингис хааны “Түмэн хишигтэн” арван мянган морьт хөшөө босно
2010 оны 2 сарын 10
Их ззэн Чингис хааны амь нас, аюулгүй байдлыг хамгаалдаг байсан хишигтэн цэргүүдийн морьт хөшөө сүндэрлэх гэж байна.   "Женко Тур Бюро" ХХК-аас санаачлан Цонжин болдогт бүтээж байгаа арван мянган морьт хишигтэн цэргүүдийн хөшоө бүхий энэхүү бүтээн байгуулалт нь дэлхийд байхгүй уран баримлын ховор бүтээл болох юм байна. Уг хөшөөг Монголын уран барималчид бүтээж байгаа ажээ. Чингис хааныг тойрон хүрээлэх арван мянган хишигтэн цэргүүдийн хөшөөг хэн ч эзэмших боломжтой юм байна. Эзэмшсэн хүн нь хөшөөгөө өөрийн дүрээрээ хийлгэх боломжтой. Тив дэлхийд монголын нэрийн хуудас болох энэхүү Урлагийн аварга бүтээлийн талаар зохион байгуулагчид нь МҮОНТ-ээр саяхан мэдээлэл хийсэн. Эдгээр хүмүүстэй уулзаж ярилцлаа.
"Түмэн хишигтэн" төслийн удирдагч Д.Гэрэлт-Од
-Эзэн богд Чингис хаан маань тэртээ XIII зуунд дэлхийг байлдан дагуулж байсан. 1206 онд хаан ширээнд суугаад, тэр үед тулгар төр байгуулахад оролцсон 95 харьяат ардыг хөхиүлэн шагнаж, үүний дараагаар өөрийнхөө алтан амийг сахиулах хишигтэнгүүдийг бий болгосон. Үүнээс хойш хишигтэнүүд Монголын түүхэнд, төрд асар их гавьяа зүтгэлтэй байжээ. Чингис хааны хишигтэн цэргүүд хэн байсан бэ, ямар хүмүүс хишигтэн болдог вэ гэдгийг түүхэнд олон янзаар бичсэн байдаг. Харин бид өвөг дээдсийнхээ түүхэн дурсгалыг үргэлжлүүлэхээр арван мянган цэргийн морьт хөшөөг бүтээж байна. Бид хийхгүй бол өөр хэн хийх вэ. Монголчууд үүнийг байгуулах цаг нь нэгэнт болжээ. Ийм сайхан үйлсийг монгол хүн бүхэн өөрийн зүгээс талархан хүлээж авч байгаа байх. Энэ дашрамд уншигчдадаа нэг зүйлийг тодруулахад энэхүү морьт хөшөө нь үеийн үед хойч ирээдүйд үлдэх түүхэн дурсгалт бүтээл гэдгээрээ бүх ард түмний өмч болох бөгөөд хөшөөг эзэмшигч нь өөрийн аав, ээж, болон эрдмийн их багшийнхаа дүрийг нь морьт хөшөөнд тодруулан мөнхлөх боломжтой. Харин хөшөө болгон ижил хөдөлгөөн, хэмжээ, дизайнтай байх бөгөөд зөвхөн нүүрний хэсэгт нь л тухайн хөшөө эзэмшигчийн захиалсан дүрийг мөнхжүүлэх юм. Арван мянган хишигтэн цэргийн хөшөөнд өөрийнхөө дүрийг мөнхөлнө гэдэг хэн хүнд заяах боломж биш. Бидний өвөг дээдэс арван гурван нас хүрэхдээ морь унаад, нум сураар харваад сурчихсан байдаг байжээ. Бид бол Чингис хааны цэргүүд. Сайн сайхан амьдралын төлөө тэмцэж байгаа цэргүүд. Бид цэргүүдээс ялгаагүй учраас өөрийнхөө хувь нэмрийг оруулах боломжтой. Гадныхан монгол гэдгийг мэддэг боловч Чингис хаан Монголынх гэдгийг мэддэггүй. Энэ утгаараа Чингис хааны түмэн хишигтэн цэргийн хөшөө нь Чингис хааныг Монголынх гэдгийг баталсан нэгэн түүхэн байгууламж болно. Дунд сургуулийн хүүхдүүд "Монголын нууц товчоо"-г уншаад заримдаа ойлгодоггүй. Тэгвэл бидний ирээдүй болсон хүүхэд багацуул уг морьт хөшөөн дээр очоод ийм ийм баатрууд байжээ гэдгийг хараад Монголынхоо түүхийг өөрийн эрхгүй сонирхох болно. Бид тэрхүү боломжийг бүрдүүлэх юм.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар
-Өнгөрсөн арав хоног Монголчуудыг нэлээдгүй шуугиулсан өдрүүд байлаа. Сумогийн их аварга маань зодог тайлахаас эхлээд олон үйл явдлууд өрнөлөө. Сүүлийн үед өвөр монголчууд уртын дуу, хөөмийг соёлын өвдөө бүртгэлээ гээд л шуугиад байна. Тэгвэл бид тэднээс түрүүлээд нэг юм ч гэсэн бий болгож босгож л байх хэрэгтэй байна л даа. Энэхүү морьт хөшөөгөөрөө өөрсдийн өв соёлоо баталгаажуулах гэж байна. Өвөр монголчууд одоо юу гэж ярьж байна гэхээр "Уг нь танай өв соёл. Гэхдээ бид нар аварч үлдэхийн тулд дэлхийн соёлын өвд бүртгүүлж байна" гэж ярьцгааж байна. Бид үүнийг мянга эсэргүүцэн жагсаал, цуглаан хийгээд нэмэргүй. Бид өөрсдөө арчаатай байх нь яасан юм бэ. "Женко Тур Бюро" компани Монголчуудад зориулсан гурван бүтээл бүтээж байна. Нэгд, Чингис хааны морьт хөшөө, хоёрт одоо бүтээж байгаа "Түмэн хишигтэн" морьт хөшөө, дараагийнх нь Майдарбурхан. Чингисийн сүрлэг сайхан морьт хөшөө ямар сайхан боссон билээ. Монголчууд ийм сайхан санал, санаачлагатай, үлдэцтэй бүтээн байгуулалтыг дэмжих л хэрэггэй байна.
Яруу найрагч Д.Урианхай
-XIII зуунд эртний Монгол цэргүүдийн тоо тийм ч их байгаагүй байх. Өдгөө Монголчуудын дэлхийн талыг эзэлсэн түүхэн үнэнд эргэлзэх ч тохиолдол гарч байна. Цөөхөн хүн амтай манай улсыг махир сэлэмний ирээр бус Монгол хүний ур ухаанаар дэлхийг байлдан дагуулсан тэр" үеийн түүхэн үнэнийг гуйвуулагчид байдагт миний хувьд дотроо бухимдах тохиолдол гардай" Юунд бухимдаж байна вэ гэхээр дэлхий Монгол Улсыг жаахан үл тоох хандлагатай байдаг шүү дээ. Монгол Улс 2.8 сая иргэнтэй орон. Манай улсыг гадна талаас нь өнгөц харахад байгаа байхгүй нь мэдэгдэхүй, ямар ч нөлөөгүй улс мэт харагдаад байна. Гэтэл бид урьд нь ямар хүчирхэг улс орон байлаа. Үүнийг дэлхий дахинд сануулах цаг нь болсон. Мэдрүүлэхийн тулд Чингис хааны хишигтэн цэргүүдийн "Түмэн хишигтэн" морьт хөшөө дурсгалыг босгож байна. Энэ морьт хөшөөг бүтээн байгуулснаараа бид хэн бэ гэдгээ дэлхийд харуулах гэж байна. Өнөөдөр монголчууд бидэнд хэрэгтэй юм их байна. Таван толгой, Оюу толгой л гэнэ. Тэгэхдээ хүнд хэрэгтэй зүйл дотроос хамгийн хэрэгтэй нь эх оронч үзэл юм. Би эх оронч үзлийг хамгийн түрүүнд бүтээн байгуулалттай л холбоно. Дэлхий дахин Монгол Улс гэдгийг мэднэ. Монгол хүн гэдгийг хараахан мэдэхгүй. Тиймээс дэлхий дахинд Монгол хүнийг толгойгоороо л, оюун ухаанаараа л мэдрүүлэх хэрэггэй. Энэ бол ирээдүй хойчид минь үлдэх жинхэнэ бодитой бүтээн байгуулалт. Монголыг дэлхийд таниулах сүрлэг байгууламж болно гэдэгт итгэлтэй байна.
Бурханч лам Г.Пүрэвбат
-Бид хөшөө дурсгалын нэгэн түүхэн байгууламжийг босгох гэж байна. Тэгэхээр энэ морьт хөшөө Монголчуудын бахархал болно. Чингис хааныг таалал төгссөний дараагаар алтан шарилыг нь хэрхэн хүндэтгэлтэйгээр байрлуулах талаар Их хуралдай болсон. Монголчууд их хааныгаа тэнгэрээс илүү шүтдэг. Хаандаа зориулсан уншлага, магтаал хүртэл зохиосон. Чингис хаан хүн төрөлхтнийг нээлттэй болох зам мөрийг тавьсан хүн. Бид буян хийхдээ олуулаа нийлж буян хийвэл машид арвижна гэж үздэг. Тэгвэл эзэн Чингис хааныхаа энэ морьт хөшөөнд хүн бүрийн сэтгэл шингэвэл буяны сайхан ажил болно.
"Неrо" Энтэртайнмэнтийн захирал, найруулагч Б.Баатар
"Чингис хааны морьт хөшөөний рекламыг бид хийсэн. Энэ рекламанд сумогийн их аварга Д.Дагвадорж, олимп, дэлхийн аваргууд гэхчлэн өнөөгийн Монголын сор болсон, манлайлагчид тоглосон. Тэд эх оронд нь босох бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж хүлээж авсан. Хишигтэн цэргүүдийн энэ морьт хөшөө нь уран баримлын маш том бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
-Би аавдаа зориулж хөшөө босгуулна. Аавыгаа Чингис хааны түмэн хишигтэн баатруудын нэг болгон хөшөөг нь босгуулж мөнхжүүлнэ гэдэг бол том аз завшаан. Энэ их сайхан сүрлэг хөшөө болно гэж бодож байгаа. Цонжин болдогт босгосон Чингис хааны болон морьт хөшөө нь монголын аялал жуулчлалд маш чухал нөлөө үзүүлнэ. Санаа нь бол их сайхан санаа шүү дээ.
МУГЖ Д.Сосорбарам
-Энэхүү бүтээн байгуулж буй байгууламж нь ирээдүйд дэлхийг Монгол руу дуудах нэгэн үнэт бүтээл болно. Би үүгээр маш их бахархаж байна. Бид гадны гүрнүүдэд өв соёлоо чимээгүйхэн, аяндаа алдаж байна. Энэ үед Чингис хааны "Түмэн хишигтэн"-ий морьт хөшөөг байгуулах юм бол алдаж байгаа зүйлээ эргүүлээд татах боломжтой болно. Монгол хүн юу бүтээж чаддагаа харуулах нэгэн сайхан боломж юм.
МУСГЗ А.Очирболд
"Энэ хөшөө нь дэлхийд хаана ч байхгүй морьт хөшөө болно. Дэлхий дахинд бахархуулах Монголын нэгэн бүтээл болно. Монголчууд өөр хэний ч хэзээ ч бүтээж байгаагүй морьтой хөшөө босгоно гэдэг бол яах аргагүй дэлхийд гайхуулах бүтээл мөн. Би үүнийг монгол хүнийхээ хувьд, моринд хайртай эр хүнийхээ хувьд сэтгэл зүрхээрээ маш их дэмжиж байгаа.
Уран барималч Ж.Дүүрэнтөгс
-Уран бүтээлч хүний хувьд энэхүү морьт хөш өөг урлахад оролцох болсон нь миний хувьд маш их бахархал. Бид энэхүү байгууламжийг бүтээснээр Монгол гэсэн нэгэн брэндийг гаргаж ирэх болно. Монголчууд түүхэндээ эр зоригийн оргилыг харуулсан ард түмэн. Орчин үеийн удирдахуйн системд багаар ажиллах систем ноёлж байна. Гэтэл монголчууд аль XIII зуунд багаар ажиллах системтэй байсан. Цэргүүдээ аравт, зуутад хуваан системчлэн дэлхийг байлдан дагуулж байсан. Хишигтэн цэргүүд монголын цэргийн гол хүч, амин сүнс нь байсан. Тийм ч учраас дэлхийн талыг эзэлсэн их эзэн Чингисийн амь насыг хамгаалдаг байжээ.

No comments:

Post a Comment